Thursday, June 12, 2008

ОДОН МЕДАЛЬ, ГАВЬЯА ШАГНАЛЫН СИСТЕМИЙГ ШИНЭЧЛЭХ ТУХАЙ

ABSTRACT

Honor system of Mongolia is widely criticized as a communist and contradicts with democratic public services and civil society.

Current Mongolian honor system is derived from Communist system modeled after Soviet honorary system. This system is outdated and even negatively affects public service as paper concludes. Government, namely, a ministry, instead of professional associations, values efforts of non-governmental functions such as art, business and others; and grants honorifics such as Meritorious Artist, Meritorious Lawyer or order of Hero of Labor and etc. Such honor system slows down process of emerging professional associations, which evaluate arts from professional viewpoint.

The paper further briefly introduces origins and history of western orders and medals and respective contemporary system. A brief recommendation for honor system reform concludes this paper.


 

А. Тулгарч буй асуудал

Монгол Улсад өнөө хэрэглэж буй гавьяа шагналын систем ардчилсан дэглэм, зах зээлийн эдийн засгийн шинж чанарт нийцэхгүй, иймээс төрийн шагналын нэр хүнд унаж, улмаар төрийн нэр хүндэд таагүй нөлөөлөх нь их болжээ. Түүнээс гадна, гавьяа шагналын системийг нийгмийн бүрэлдэн буй шинэ харилцаанд тохирсон, гол нь төрийн албыг бэхжүүлэхэд чиглэсэн байхуйцаар өөрчлөх шаардлага илт тулгараад байна.

Шагналын системийг өөрчлөх явдал бол манай ардчилсан шинэчлэлийн нэг гол зорилт байх ёстойг зарим судлаачид хуучин коммунист системтэй байсан улсуудын жишгийг харгалзан тэмдэглэсэн байна. Нацист Германы үеийн шагналыг хэрэглэх хориотой байдгийн адил коммунист засгийн шагналыг хэрэглэхийг хорьдог, зүүвэл шийтгэдэг улс ч байдаг ажээ (Баярхүү, 2008). Энэ жишгийг харгалзвал

Нэгэнт хойд солонгосчуудтай хоёулхнаа сондгойрч үлдсэн бид энэ чигээрээ зүтгээд байх уу, эсвэл дэлхий рүү нэг өнгийж хараад өөрөөр зориглох уу (Баярхүү, 2008)

гэдгээ шийдэх цаг болсныг анхааруулсан байдаг. Умард Солонгост коммунист дэглэм оршин буй хэвээр учраас тэр хэвээрээ үлдсэн нь гайхах зүйл биш. Харин манай улсад хуучин шагналын тогтолцоо, шинэ нийгмийнхээ тогтолцоотой харшиж, улмаар улс төрийн популизмыг дэвэргэх үндэс болоод байна .

Амь ашиг ба төрийн шагнал

Өнөө манай улсад үйлчилж байгаа шагналын системийг хуучин коммунист дэглэмээс өвлөн авсан. Хуучин нийгмийн тогтолцоо, шагнал олгодог байсан зарчим өнөөдрийн манай нийгмийн тогтолцоо, шагналын зарчмаас тэс өөр билээ. Тиймээс төрийн үүрэгт үл хамаарах олон асуудал руу хутгалдан, хөндлөнгөөс оролцсон, тарамдсан шинжтэй байна.

Коммунист дэглэмийн үед хувийн өмч, хувийн бизнес гэдэг зүйл зарчмын хувьд байгаагүй учир өнөөдөр төрийн чиг үүрэгт огт хамаарахгүй олон салбарыг төрд зүтгэсэнд тооцон урамшуулдаг байлаа. Үйлдвэрийн ажилчин улсын төлөө ажилладаг байсан учир, улс түүнийг Хөдөлмөрийн гавьяаны одонгоор шагнаж байв. Дуучид нам төрийг магтан дуулдаг байсан тул улсын гавьяат жүжигчин, ардын жүжигчин цол өгдөг байв. Багш ардын боловсролын салбарт ажиллаж байсан учир ардын багш, тэргүүний багш цол авдаг байв. Судлаачид улсын шинжлэх ухааныг хөгжүүлдэг байсан тул шинжлэх ухааны гавьяат ажилтан цол олгодог байв.

Өнөөдөр харин тэдгээр гавьяа цол ач холбогдлоо бүрэн алджээ. Ажилчин, үйлдвэр эрхлэгчид амь ашгийнхаа төлөө ажиллаж байгаа учир улс тэдэнд одон шагнах шалтгаан үгүй юм. Дуучид амь ашгийнхаа төлөө шоу тоглож, диск гаргаж байгаа тул төр тэднийг ардын жүжигчин, гавьяат жүжигчин цолоор шагнах шалтгаан үгүй юм. Багш нар хүүхдээсээ төлбөр аваад хичээл зааж ашиг хийж байгаа тул тэднийг төр хөндлөнгөөс шагнах шалтгаан үгүй юм. Судлаачид оньс зохион бүтээгээд патент, зохиогчийн эрхээ аваад түүнийгээ худалдаж байхад түүнийг улсаас урамшуулах шалтгаан үгүй юм.

Авилга, хээл хахууль

Коммунизмын үеэс төрийн нэрээр олгодог байсан гавьяа шагналын систем, төрийн нэр хүндийг түмний дунд унагаж байна.

Яам, тамгын албан хаагчид хэзээ ч урлагийн болон эрдмийн бүтээлийг мэргэжлийн түвшинд үнэлж чаддаггүй. Ардын болон гавьяат цол олгох явдал өнөөдөр мэргэжлийн байгууллагын тодорхойлолт, хөөцөлдлөгөөс шууд хамаардаг бөгөөд зарим тохиолдолд авилга, хээл хахуульд хүргэх нь ч цөөнгүй байна. Ийм байдал төрийн нэр хүнд түмний дунд унахад хүчтэй нөлөөлж байгааг анзаарахгүй байх аргагүй.

Коммунист дэглэмийн үед урлаг, боловсролын нэгж байгууллага санал гарган төрийн захиргааны төв байгууллага руу шагнал олгуулах тодорхойлолт илгээдэг байсан журам өнөөдөр хэрэгжихэд тун зөрчилтэй байна. Учир нь урлаг соёл, боловсролын бүх байгууллага хувийн болсон, амь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг: тэднийг харьялах төрийн захиргааны байгууллага байхгүй, байх ч учиргүй юм. Энэ зөрчлийг арилгахын тулд одон медалийн дүрэмд тухайн хүний харьяалагдах нутаг дэвсгэрийн байгууллагаас тодорхойлолт гаргахаар зохицуулсан байдаг (хавсралт, 1999, p. 2.4.г). Өөрөөр хэлбэл, гавьяат жүжигчин хэмээх мэргэжлийн цол олгохын тулд тэр жүжигчний амьдарч буй хорооноос тодорхойлолт гаргах шаардлагатай байдаг ажээ. Хороон захиргаа, урлагийн байгууллага хоёрын хооронд ямар харилцаа байдаг болоод хорооны захиргаа урлагийн мэргэжлийн цол олгох шийдвэр гаргах ёстой нь гайхмаар болоод утга учиргүй байгаа юм.

Шагнал болгоны дараа зөв хүнийг шагнаагүй, нүдээ олоогүй шагналын тухай ам дамжсан олон яриа урган гардаг нь төрийн нэр хүнд түмний дунд унахад мөнхүү нөлөөлж байна.

Улс төрийн популизм

Өнөөгийн гавьяа шагналын систем улс төрийн популизмыг хөөргөж байна. Нэр дэвшигчид урлагийнхныг сонгуулийнхаа ажилд ашиглаад оронд нь гавьяа цол өгөхөөр амалдаг болсон нь улсын өмнө тулгамдаад байгаа асуудлыг шийдэхэд бус харин зөвхөн улс төрийн популизмыг өөгшүүлэх хөшүүрэг болсон байна.

Ерөнхийлөгчийн сонгууль болгоны өмнө албан тушаал дээрээ байгаа ерөнхийлөгч "шагналын хур" буулган ирэх сонгуульд өөрийнхөө талд ажиллахыг урлагийнханд санал болгодог нь нууц бишээ (Баярхүү Д. , 2008)

"Тэргүүний тийм хүн" гэдэг цолыг угаасаа салбарын бүх яамд нь баруун солгойгүй, ялангуяа сонгуулийн наана тэр салбарын сайд нь тойрогтоо шуудай шуудайгаар нь аваачаад тараадаг (Баярхүү Д. , 2007).

Улс төрийн ийм популизмыг хязгаарлахын тулд УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж сонгуулийн компанит ажилд урлаг соёлын үзүүлбэр ашиглахыг хориглосон юм. Хэдийгээр сонгуулийн хуулиар хорьсон ч гэсэн "гавьяат", "ардын" гэх мэт цол хэвээрээ үлдвэл урлаг соёлынхон тэдгээр цолд "дөрлүүлсэн" хэвээр үлдэх агаад нэр дэвшигчээс амлалт өвөртөлсөн урлагийнхан улс төрийн популизмыг дэвэргэсэн хэвээр үлдэнэ. Түүнчлэн, одон медаль олгох явдлыг улс төрчдийн эрх мэдлээс салгаж, гагцхүү төрийн нарийн бичиг гэх мэт мэргэжлийн удирдлагынх нь мэдэлд шилжүүлэх шаардлагатайг дэврээд байгаа энэ популизм харуулж байна.

Иймээс гадаад улсын жишигт нийцүүлэн гавьяа шагналын системийг шинэчлэх шаардлагатай байна. Нэг талаас, төр гагцхүү өөртөө зүтгэсэн хүнд гавьяа шагналаа хүртээж: нөгөө талаас, зах зээлийн жамаар амь ашигаа гүйцээж буй хүмүүс үйл ажиллагаанаасаа ашигаа авах, хэрэв тэднийг урамшуулан хөхиүлэх хэрэгтэй бол салбарын мэргэжлийн сайн дурын хороод мэдэж шийддэг байх нь чухал юм.

Б. Монгол Улсын одон медаль , гавьяа шагналын түүх

Монгол Улс дорнын уламжлалын дагуу хэргэм цол олгож гавьяа шагнадаг байжээ. Уламжлалын дагуу Чингисийн угсааны алтан ургийн хүн тайж цол авдаг агаад тайжид хүргэн орсон хүнд тавнан цол өгдөг байжээ. Монгол Улс Манж Чин Гүрний харьяанд байхад хэтэрхий дөрвөн хэргэм хэмэээх ван, бэйл, бэйс, гүн хэргэмийг Чин гүрний төлөө зүтгэсэн этгээдэд шагнадаг байжээ.

Богд хаант засгийн үед Чин гүрний хэтэрхий дөрвөн хэргэмийг залгамжлан хэрэглэснээс гадна 1913 оноос Эрдэнийн очир одонг батлан олгодог болжээ. Энэ одон, Чингис хааны одон гэх гадаадын хаан агь нарт олгох зэрэг: Өндөр гэгээний одон гэх дотоодын ноёд ихэст олгох зэрэг: Түшмэдийн зэрэг гурван зэрэг, тус бүртээ хуваагдаж, нийт 12 зэрэглэлтэй байжээ (Тэрбиш, 1977, p. 8). Эрдэнийн очир одон орчин үеийн шагналын системийг бий болгохдоо Манж Чин Гүрнээс уламжлан Богд хаант засгийн үед хэрэглэж байсан хэтэрхий дөрвөн хэргэмийг орчин үеийн хаант улсын гавьяа шагналын хэлбэрт шилжүүлэх оновчтой хувилбар байсныг тэмдэглэх хэрэгтэй.

Ардын засгийн анхны жилүүдэд Богд хаант засгийн хэтэрхий дөрвөн хэргэм, Эрдэнийн очир одонг хэрэглэж байсан ч 1925 оноос ЗХУ-ын одон медалийн системийг дуурайлган гавьяа шагналын системийг үүсгэсэн нь өнөөг хүртэл хадгалагдаж байна. 1925 онд анх Цэргийн гавьяаны, Бичгийн гавьяаны гэсэн хоёр одонг батлан гаргажээ (Тэрбиш, 1977, p. 18). Цэргийн гавьяаны одон хожим Байлдааны гавьяаны улаан тугийн одон хэмээн, харин Бичгийн гавьяаны одон нь Аж ахуйн гавьяаны, хожим Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хэмээн нэршжээ.

БНМАУ-ын гавьяа шагналын системийг: төрийн, яамны, салбарын хэмээн: олгох хэлбэрээр нь: одон, медаль, цол хэмээн ангилж болно.

Өнөөдөр одон медалийг зүүж хэрэглэх явдлыг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 148 дугаар зарлигаар баталсан "БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрэм"-ээр зохицуулж байна. Энэ зүйлийн Хоёрдугаар бүлэгт зааснаар Төрийн эрхэм дээд цол гэдэгт "БНМАУ-ын Баатар", "БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар" цол, Хүндэт цол гэдэгт "БНМАУ-ын Ардын зүтгэлтгэн", "БНМАУ-ын гавьяат зүтгэлтэн", "БНМАУ-ын сансрын нисгэгч" хэмээх цол байна (БНМАУ дүрэм, 1990). Мөн дүрмийн Гуравдугаар бүлэгт зааснаар дараахь төрлийн одон байх агаад, үүнд:

  • "Сүхбаатарын одон",
  • "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон",
  • "Цэргийн гавьяаны улаан тугийн одон",
  • "Алтан гадас одон",
  • "Цэргийн гавьяаны одон",
  • "Алдарт эх I одон",
  • "Алдарт эх II одон" зэрэг болно (БНМАУ дүрэм, 1990)

Дүрмийн Дөрөвдүгээр бүлэгт медалийг тоочин заасан байх агаад манай улсад өнөө мөрдөгдөж байгаагаар бол дараахь төрлийн медаль байна.

  • Хөдөлмөрийн хүндэт медаль,
  • Цэргийн хүндэт медаль,
  • Шударга журам медаль,
  • Найрамдал медаль,
  • Атарчдын алдар медаль,
  • Түүхт ойн медалиуд (Ардын хувьсгалын ой, Халхын голын ой гэх мэт),
  • Ахмад дайчин медаль,
  • Дайчин алдар I, II, III гэсэн медаль байна (БНМАУ дүрэм, 1990)

Үүнд одон медалийг зүүн дээд энгэрт зүүх ба харин салбарын гавьяат цол тэмдгийг баруун дээд энгэрт зүүнэ. Одонг зүүхдээ эхлээд Сүхбаатарын одон, дараа нь Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Байлдааны гавьяаны одон, Алтан гадас одон, Алдарт эх нэг, хоёрдугаар одонг баруунаас зүүнш дараалуулан зүүх ба харин медалийг эхлээд Байлдааны хүндэт медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Шударга журам медаль, Найрамдал медаль, Халх гол медаль, Бид ялав медаль, түүний араас ойн медалиудыг улсын ой, Зэвсэгт хүчний ойн гэхчилэн мөнхүү баруунаас зүүнш дарааллаар зүүнэ (Тэрбиш, 1977, p. 107).

Өнөөгийн энэ систем өмнөх коммунист системийн хэв шинжийг хадгалсан юм. Тухайлбал, Улсын баатар цолыг анх 1934 онд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс гаргасан бөгөөд хожим бараг бүх коммунист улсад жишиг болон тогтсон юм. Гэвч коммунист дэглэм нуран унасны дараа хуучны бараг бүх коммунист орон Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Ардын болон гавьяат зүтгэлтэн цолыг хүчингүй болгосон юм. Өнөөдөр зөвхөн ОХУ, Төв Азийн авторитарь дэглэмтэй улсуудад л эдгээр цол оршиж байна.

В. Гадаад улсын гавьяа шагналын жишиг, журам

Гадаад улсад гавьяа шагналын журам анх гарахдаа шашин төрийг хослож байх үед үүссэн бөгөөд гавьяа байгуулсан цэргийг шашний ордон (рыцарьский орден, khight's order) хэмээх бүлгэмд элсүүлж, тухайн ордынхоо тэмдгийг чимэн зүүх эрх өгдөг байжээ. Иймээс одон тэмдгийг өрнийн бүх хэлэнд шашин, цэргийн ордны адил орден, order хэмээн нэрлэдэг байна. Их Британ эртнийхээ энэ уламжлалыг сахин Шотландын ордон, Английн ордон, Хадагтайн ордон хэмээх шагналын сүлжээ байна. Мөн Германы Төмөр загалмай одон ч ийм түүхтэй билээ.

Орчин үед төрийн төлөө гавьяа байгуулсан энгийн хүнд уламжлалт шашний ордонд элсүүлсний тэмдэг болгон одон гардуулдаг болжээ.

Одонгийн зорилго

Одонгийн гол зорилго бол олгож буй шашин, цэргийн бүлэглэлийг үнэн зүтгэлт гишүүдээр бэхжүүлэх явдал байснаа хожим төрийн алба, түүний дотор цэргийн албыг бэхжүүлэх нэгэн онцгой хэлбэр болон хөгжсөн байна (Knighthood and Nobility, 1996). Эзэн хаан амиа золиослосон цэргийн гавьяаг мөнгөөр үнэлэх боломжгүй тул нэгэн насаар нь ивээлдээ авсны тэмдэг болгож эзнийхээ овгийн сүлдийг хуяг, бамбай дээр нь тавихыг зөвшөөрдөг байсан юм .

Өнөөг хүртэл Британийн эзэн хааны ордонд Англикан сүмийн болон Шотландын одон эртний заншлаа хадгалан тусгай нөмрөг, ямбаны хувцас өмсөн, шашний зан зүйл үйлдэх нь хэвээр байдаг. Гавьяа байгуулсан нэгнийг эдгээр одонгийн гишүүн болгон адислаж, түүний тэмдэг болгон одон шагнадаг билээ. Одонг ихэвчлэн эзэн хаан тэргүүлэх бөгөөд тодорхой тооны гишүүнчлэлтэй, гишүүд нь дотроо зэрэг дэвтэй, хэнийг гишүүн болгохыг гагцхүү одны эзэн мэдэж шийднэ. Тухайлбал Британийн хатан хааны толгойлдог одонгуудын нэгэн болох Гартерийн одон дотроо гурван гүн, гурван барон, гурван хөлөг баатартай: түүнээс гадна засагч, тамгач гэх мэт албаттай байдаг агаад бүгд одонгийн гишүүн байна. Хиа баатар (Knight companion), Хиа хатагтай (Lady companion) хэмээн харилцан биенээ хүндэтгэн дуудна (Order of the Garter) (Saint George's Chapel). Шотландын одон мөнхүү ийм зэрэг дэвтэй, хатуу гишүүнчлэлтэй байх агаад мөнхүү Британийн хатан хаан толгойлно.

Энэ уламжлал үндэстэн улсын үед ч хадгалагдсан бөгөөд зөвхөн төрийн албыг бэхжүүлэхийн тулд цэргийн болон дипломат алба хашиж буй этгээдийг урамшуулах үндсэн хэлбэр болсон байна. Канад, Британи, Франц зэрэг зарим газар эмнэлгийн түргэн тусламжийг цагдаагийн эргүүлтэй адил төрөөс иргэддээ үзүүлэх үйлчилгээ хэмээн үздэг, дүрэмт хувцастай иргэний алба байдаг тул түргэн тусламжийн эмнэлгийн ажилтныг шагнах тусдаа одон медальтай байдаг.

Төрийн уламжлалаа хадгалсан өрнө европын улс орнууд одонгийн нэр хүндийг хадгалахын тулд гагцхүү төрд гавьяа байгуулсан этгээдэд өгдөг нь нийтлэг бөгөөд бизнес, урлаг, боловсрол зэрэг нийгмийн салбарт гаргасан амжилтыг төрөөс шагнахыг зохисгүйд тооцдог. Тиймээс ардын жүжигчин, гавьяат жүжигчин гэх мэт цол байдаггүй ажээ. Тэр бүү хэл, шүүх, прокурор зэрэг байгууллагын ажилтныг төрийн буюу гүйцэтгэх эрх мэдлийн шагналаар шагнахыг төрийн эрх мэдлийн хуваарилалтыг зөрчсөн явдал гэж үздэг тул тэдгээр байгууллагын ажилтныг төрийн гавьяа шагналаар шагнадаггүй билээ.

Бусад салбар дахь гавьяа шагнал

Бизнес, урлаг, эрдэм шинжилгээний зэрэг төрийн албад хамаарахгүй бусад салбарт амжилт гаргагсадаа урамшуулах төрийн шагналын системд хамаарахгүй тусдаа системийг боловсруулсан байдаг. Иргэний нийгэм, тэр дундаа төрийн бус салбар мэргэжлийн байгууллага хүчтэй хөгжсөн улсад ийм төрлийн шагнал төрийн шагналаас ч илүү нэр хүндтэй байдаг

Мэргэжлийн сайн дурын байгууллага санаачилгаараа жил бүр олгодог салбарын шагнал бий болгож, цэвэр нарийн мэргэжлийн үүднээс аливаа уран бүтээлийг үнэлэх төрийн бус академи байгуулж, тэр академийн гишүүд нууц санал хураалтаар тухайн жилийн шагналыг ямар бүтээлд олгохыг шийддэг ажээ. Тэдгээр академи анхандаа хөлөг баатадын одонг жишиг болгосон бүтэцтэй байсныг эртний түүхтэй их сургууль, академуудаас олж харж болно. Харин хожуу байгуулагдсан орчин үеийн академи илүү төрийн бус байгууллагатай төстэй бүтэцтэй байдаг.

Мэргэлжийн төрийн бус академийн шагнал төрийн шагналаас илүү нэр хүндтэй байх жишиг өрнө дорнын өндөр хөгжилтэй оронд түгээмэл байна. Кино урлагийн салбарт Сүүдэр зургийн урлаг, ухааны академи (Academy of Motion Picture Art and Science AMPAS)-аас жил бүр олгодог Оскарын шагнал (Academy Award), Колумбын их сургуулиас сэтгүүлч, зохиолчдод олгодог Пулцерийн шагнал (Pulitzer Prize) гэх мэт олон шагнал байдаг билээ. Оскарын шагналт жүжигчин гэдэг бол манайхаар дүйцүүлбэл "Гавьяат жүжигчин"-ий дайтай, магадгүй түүнээс ч хүндтэй байдаг. Гэхдээ тэдгээрийг төрөөс олгодог шагналтай эндүүрч огт болохгүй: дан нарийн мэргэжлийн шинжээчдээс бүрдсэн олон нийтийн академи энэ шагналыг олгодог юм.

Ийм шагнал нэр хүндтэй байх наад захын хоёр шалтгаантай: нэгд, энэ шагналыг хэн нэг хүнд сурталтай төрийн түшмэл бус, харин мэргэжлийнх нь нэр хүндтэй хүмүүс оролцсон академи нууц санал хураалтаар шийддэг тул шударга байдаг: хоёрт, шагнуулж буй бүтээлийг нь тухайн мэргэжлийнх нь хүмүүс шалгаруулдаг тул үнэхээр сайн бүтээл гэдэгт эргэлзэх хэрэггүй байдаг. Тийм учраас манайх шиг муу бүтээлд нүдээ олоогүй шагналыг арын хаалга, авилга хахуулиар авлаа гэсэн яриа гардаггүй байна.

Төрийн бус салбарын шагналын гол онцлог бол гарамгай бүтээлд өгдөг явдалд оршино. Төрийн шагнал, байгуулсан гавьяанаас гадна он удаан жилийн зүтгэлийг үнэлэн хувь хүнийг урамшуулдаг билээ.

Одон зүүх журам

Эзэн хаанаас хүртээсэн ивээл, шашины мяндаг олсны илэрхийлэл болох тул одон, медалийг зүүх нарийн дэг горимтой байдаг. Байгуулсан гавьяагаараа шашины мяндаг дэвшдэг тул дээд зэргийн одонг хүртвэл доод зэргийн одонгоо зүүдэггүй байна. Гавьяа цолоо дагасан одон медаль бол эзний хишиг тул ямагт зүрхэн тушаа зүүдэг юм.

Одон медалийн эрэмбэ

Одон дотроо олон зэрэг байвал гагцхүү хамгийн сүүлд шагнуулсан хамгийн дээд зэрэглэлийн одонг зүүдэг. Зүйрлэвэл, Алдарт эхийн хоёрдугаар зэргийн одон авсан эмэгтэй, дараа нь нэгдүгээр зэргийн одонгоор шагнуулбал гагцхүү нэгдүгээр зэргийн одонг л зүүх ёстой бөгөөд хоёрдугаар зэргийн одонг зүүхгүй: Алдарт эхийн нэгдүгээр зэргийн одон авахын тулд өмнө нь заавал хоёрдугаар зэргийг авчихсан байх нь мэдээж хэрэг билээ.

Шашины болон төрийн хэргэм зэрэг шатлалынхаа дагуу доороос дээш өгсөх дараалалтай явдаг тул одон медалийн систем ч тухайн хэргэмийн зэргээс хамаарч тогтоогдсон байдаг. Анхан шатны хэргэм шагнуулсны дараа дээд шатны хэргэм ахиж, түүний хамт доод зэрэглэлийн одонг халж, дээд зэрэглэлийн одонг зүүдэг уламжлал өнөө үед жишиг болон өрнө дорнын олон оронд тэр чигээрээ хадгалагдаж байна.

Одон медалийг зүүх

Олон одонг ярайлган зүүх заншил гагцхүү ЗХУ-ын үеэс эхтэй юм. Харин одон бий болсон сонгодог уламжлалд ийм зүйл байхгүй, аль болох цөөн одон зүүхийг эрхэмд үздэг байна. Гэхдээ ямар зориулалтын, ямар загвартай хувцас дээр зүүхээс шалтгаалан одон, медалийн тоо, байрлал харьцангуй өөр юм.

Олон орны жишээг харьцуулан үзвэл одонг хоолойнд буюу зүрхэн тушаа цээжинд, харин медалийг энгэртээ зүүдэг явдал түгээмэл байна. Зарим оронд одон медалийг зүүх нийтлэг жишгийг ерөнхийд нь заасан байхад, зарим орон уламжлалаасаа шалтгаалж, одон тус бүрт зүүх журмыг нь тусгайлан заасан байх нь ч бий. Жишээ нь, зарим нэгийг баруун цээжинд, зүрхэн тушаа зүүдэг бол заримыг нь нь зүүн цээжинд зүүхийг шаарддаг ажээ. Канадын цэрэг, цэргийн сургуулийнхны одон, медаль зүүх журмыг ард хавсаргав.

Г. Монгол Улсад авч хэрэгжүүлбэл зохих жишиг

Монгол Улс нэгэнт ардчилсан улс төр, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин орвол зүйтэй юм. Ингэхдээ "дугуйг дахин бүтээх хэрэггүй" гэх зарчимыг барих чухал.

Одон медаль, гавьяа шагналын системийг шинэчлэх гол зорилго бол төрийн албыг бэхжүүлэхэд чиглэх ёстой бөгөөд төрийн үүрэгт хамааралгүй асуудлыг гавьяа шагналын системээс ангижруулж, төрийн ачааг хөнгөвчлөх хэрэгтэй юм. Тиймээс улс төр, боловсрол, шинжлэх ухаан, урлаг соёл, аж ахуйн гэх мэт төрийн үндсэн үүрэгт хамрахгүй салбарт төрийн одон, медаль, цол олгохгүй байх хатуу зарчим баримталвал зохино.

Төрийн нарийн бичгийн даргын тодорхойлолтоор гагцхүү төрийн албан хаагчийг шагнах журам манай нөхцөлд тун оновчтой юм. Төрийн одон, медалийн гол зорилго бол төрийн албыг бэхжүүлэх явдалд чиглэж байгаа тул нэгд, гагцхүү төрийн албан хаагчийг шагнах, хоёрт яам, байгууллагын бүтцэд мэргэжлийн чиглэлээ хариуцаж байгаа төрийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалтан шагнах буюу шагнах тухай өргөдлийг шууд Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьдаг байвал зохистой. Сайд, сайдын зөвлөл зэрэг улс төрийн албан хаагчид, тэдгээрийн сонирхлыг шагнал тодорхойлох явцад оруулахгүй байх нь зөв.

Төрийн одон, медалийн хүрээнд, одон аль болох цөөн байх, харин медаль харьцангуй олон байх чиглэл барих нь зүйтэй. Цөөн одонгоо Ерөнхийлөгчийн зарлигаар, харин медалийг салбарын яамны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар олгодог байвал шагналыг улс төрийн популизмаас хөндийрүүлэх чухал алхам болох юм.

Гавьяа цол

Ардын болон гавьяат цолыг цуцлах нь төрийн одон медаль, гавьяа цолын системийг шинэчлэхэд нэг далайлтаар хийх хоёр алхамыг санал болгож байна. Нэгд, "Монгол Улсын баатар", "Монгол Улсын хөдөлмөрийн баатар", "Ардын", "Гавьяат" зэрэг цолыг албан ёсоор цуцлах, хоёрт, иргэний салбарын шагналыг иргэдийн сайн дурын үүсгэл санаачлагын байгууллагын мэдэлд шилжүүлэх явдал мөн.

Баатар, ардын болон гавьяат цолыг устгах

Баатар, ардын болон гавьяат цолыг цуцалж дэлхий нийтийн жишгийг дагавал иргэний нийгэм, мэргэжлийн салбарын төрөөс хараат бус хөгжлийг дэмжих чухал хүчин зүйл болохоос гадна төрийг төрийн үүрэгт хамаарахгүй салбарынхныг шагнах хэрүүл, хов дүүрэн үүргээс чөлөөлж өгөх ач холбогдолтой юм. Түүнээс гадна гавьяа цол олгох амлалтад дулдуйдан улс төрийн популизмыг хөөрөгдөхөөс сэргийлнэ.

Мэргэжлийн сайн дурын байгууллага бол иргэний нийгмийн салшгүй бүрэлдхүүн хэсэг агаад салбархаа сайчуулаа мэргэжлийн нүдээр шалгаруулах боломжийг төр олгох ёстой. Үүнд төрөөс олгодог гавьяа цолын системийг устгах явдал нааштай нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Хэдийгээр сүүлийн үед манай улсад иргэний олон төрлийн хөдөлгөөн гарч, улс төр, бизнест хяналт тавих үүргээ амжилттай биелүүлж эхэллээ. Иргэний хөдөлгөөн засгийн эрх барьж буй улс төрчдийг олон түмний хяналтад байлгах талаар эрчимтэй ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын газрын даргыг огцруулсан явдал бол иргэний хөдөлгөөн төрийн алба зохих ёсоор ажиллаж байгаа эсэхэд хяналт тавьдаг болж, өмнө нь хийдэггүй байсан ажлаа хийж байгаагийн нэг жишээ юм. Онгийн голын хөдөлгөөний жишээ бизнесийг байгаль орчин, нутгийн олны эрх ашигт хүндэтгэлтэй хандахыг шаардаж байгаа нь бизнесийн нийгмийн хариуцлагыг өндөржүүлэхэд чиглэсэн нэг алхам билээ.

Гэвч манай улсад мэргэжлийн чиглэлтэй иргэний хөдөлгөөн дутмаг байна. Энэ чиглэлд өрнөж байгаа зарим нэг санаачлага тухайлбал "Ард түмний гавьяат" цол олгох санаачлага гараад байгаа нь нэг талаасаа, гавьяа шагнал олгох ажлыг сайн дурын санаачлагад шилжүүлэх сайхан боломж авч, нөгөө талаас аамжаар төрийн бус салбарын шагнал урамшууллыг иргэний санаачлагад өгөхгүй бол төрийн нэр хүнд унаж эхлэх аюул байгааг харуулж байгаа юм. Тиймээс ардын болон гавьяат цолыг мэргэжлийн чиглэлтэй иргэний нийгмийн байгууллагууд олгодог болбол мэргэжлийн иргэний нийгмийн байгууллагууд хөгжих магадтай бөгөөд нөгөө талаар төрийн нэр хүнд, төрийн албыг бэхжүүлэх нэг томоохон арга хэмжээ болно.

Мэргэжлийн иргэний нийгмийн байгууллагад шилжүүлэх

Урлаг, спорт, шинжлэх ухаан, боловсролын салбарт гаргасан амжилтыг салбарын олон нийтийн үүсгэл санаачлагад тулгуурлан шагнадаг болох нь зүйтэй: үүний тулд иргэний нийгэм, мэргэжлийн нийтлэгээс өнөөдөр гарч байгаа нааштай хандлагын төрийн зүгээс дэмжих байдлаар аажим шилжүүлэх нь зүйтэй юм. Иргэний салбарын шагнал олгох иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн академийн дүрэмд Ерөнийлөгч албан тушаалын хувьд орж болох юм. Тэгвэл тэр академи бие даан шалгаруулж, харин шагнасан тухай шийдвэрт л Ерөнхийлөгч гарын үсэг зурах эрхтэй байх заалтыг дүрэмдээ оруулж болно.

Энэ зорилгоор Гоо марал, Болор цом, Торго зэрэг наадмын тэргүүн шагналыг эхний ээлжид Ерөнхийлөгчийн нэрэмжит цом олгох байдлаар эхлүүлж, олон түмний тэдгээр шагналын нэр хүндийг өргөж, харин дараа нь нэг мөсөн төрийн бус академийн шагнал болон аажим шилжүүлвэл нийгэмд онцгой шуугиан дэгдээлгүй шийдэж болох зохистой алхам болох билээ.

Төрийн одон медалийн системийг шинэчлэх

Төрийн шагнал олгох системийг удаан жилийн урамшуулал болгох хэрэгтэй бөгөөд ингэхдээ зүтгэл, гавьяа хоёрт тулгуурлан олгох, олгох үндэслэл журам, болзол тодорхой байх шаардлагатай билээ. Тэгэхдээ уламжлалыг хадгалсан, олон улсын жишигт нийцсэн байлгахад анхаарах нь зүйтэй.

Төрийн одон, медалийг гагцхүү төрийн жинхэнэ албанд ажиллаж байгаа төрийн албан хаагч хүртэнэ. Улс төрчдөд төрийн одон, медалийг олгохгүй, эс бөгөөс улс төрийн сонгуульт албан тушаалтнууд төрийн албыг шагналаар дамжуулан барьцаанд байлгах сэжим өгөх магадгүй юм. Цөөн тохиолдолд төрийн албаны харьяа бүтцэд ажилладаг судалгаа, шинжилгээний байгууллагын үйлчлэх ажилтныг шагнаж болно. Тухайлбал, Батлан хамгаалах яамны харьяа Батлан хамгаалах их сургуулийн энгийн ажилтан, судлаачийг шагнаж болно.

Төрийн одон, медалийг эрх ямба дагалдана. Зарим төрлийн шагналд, тухайлбал, олон жил төрийн албанд тушаал дэвшилгүй зүтгэсэн мэргэжлийн албан хаагчдад олгох хамгийн оновчтой арга хэмжээ бол цалингийн тодорхой хувь дагалддаг явдал байж болно. Гэхдээ шагнуулсан одон, медаль бүрийн цалингийн нэмэгдлийг давхардуулан олгох нь зохисгүй: гагцхүү хүртсэн хамгийн том одон, медалийн дагалдах хувийг л авахаар тогтоох нь зохистой. Жишээлбэл, Алтан гадас одон, Цэргийн гавьяаны одон хоёрыг авсан байхад ахлах эрэмбээр гагцхүү Алтан гадас одонг дагалдах нэмэгдлийг олгох байдлаар зохицуулах нь зүйтэй.

Төрийн одон медалийг зүүх эрэмбэ, хувцасыг ч мөнхүү журамлах нь зүйтэй. Төрийн одон, медалийг олгох ёслолд заавал фрак буюу цэргийн ёслолын дүрэмт хувцас дээр өмсөх, түүнчлэн, одон медалийг алба, ёслол, энгийн үед хэрэглэх журмыг тодорхойлон заах, түүнчлэн, төрийн одон, медаль зүүсэн үед хуучны гавьяа цолын тэмдэг, төрийн бус байгууллагын аливаа тэмдэг зүүхийг хориглох шаардлагатай юм. Жишээлбэл Хөдөлмөрийн хүндэт медаль хүртсэн хүн гагцхүү тэр медалийг зүүнэ: түүнтэй зэрэгцүүлэн МАХН-ын ойн тэмдэг, Ардчиллын одон зэрэг тэмдгийг зэрэгцүүлэн зүүх нь төрийн нэр хүндийг унагах хэрэг тул хоригловол зохилтой билээ.

Зүтгэлийг урамшуулах, Эрдэнийн очир

Зүтгэл гэдэгт төрийн албанд олон жил үр бүтээлтэй ажилласныг ойлгох агаад эл зүтгэлийг Эрдэнийн очир одон шагнан урамшуулвал төрийн уламжлалыг хадгалах сайхан ёс болно.

Харин Эрдэнийн очир одонг сэргээхэд зарим нэг харгалзах зүйл байгааг тэмдэглэх хэрэгтэй. Нэг талаасаа, Эрдэнийн очир бол Богд хааны үүсгэсэн язгууртан дээдсийн одон агаад Английн Гартерийн одон зэргийг үлгэрлэсэн билээ. Тийм ч учраас одонгийн зэргээ хэтэрхий дөрвөн хэргэмийн нэрээр тогтоосон байдаг. Өнөө манай улс бүгд найрамдах засагтай улс тул Ван, Бэйл, Бэйс, Гүн зэрэг бүхий язгууртны хэргэм бүхий одонг сэргээх нь өнөөгийн нийгмийн ёс зүйд нийцгүй юм. Нөгөө талаас, ОХУ хэдийгээр бүгд найрамдах засагтай ч цагаан хааны үеийн Гэгээн Андрейн одонг сэргээсэн (Order of St. Andrew), Франц мөнхүү Наполеоны үеийн Легионерийн одонг хэрэглэсээр байгаа нь манайх мөнхүү сэргээж болох талтайг харуулж байна. Тиймээс Эрдэнийн очин одонгийн гуравдугаар зэргийг буюу таван дэстэй түшмэдийн одонг сэргээх болох юм. Ямартай ч Эрдэнийн очир одонг сэргээх эсэх, сэргээвэл хэдэн зэрэгтэй байх, тэдгээрийг хэрхэн нэрлэх талаар судлах шаардлагатай агаад цаашдаа энэ талаар улс төрийн шийдвэр хэрэгтэй болох нь гарцаагүй юм.

Энэ одонг олгох хоёр нөхцөл тавьбал зохилтой нь: нэгд, төрийн алба хаагаад тодорхой хугацаа болсон байх, хоёрт, тухайн хугацаанд албан тушаал дэвшээгүй байх зэрэг юм.

Төрийн алба хаагаад тодорхой хугацаа өнгөрөх шалгуур: Төрийн алба хаагаад тодорхой хугацаа болох шалгуурын зорилго төрийн албан хаагчийг тогтвор суурьшилтай ажиллахыг дэмжихэд оршино. Хоёр намын систем хүчтэй байгаа үед засгийн эрхийг авсан нам боловсон хүчнээ гүйцэтгэх эрх мэдлийн салбарт томилон ажиллуулах сонирхолтой байх нь гарцаагүй. Энэ тохиолдолд, дөрвөн жил болоод солигдож байгаа улс төрийн албан хаагчдыг төрийн одон, медалиар шагнаад байж болохгүй: аль нэг намын гишүүн улс төрийн томилолтоор газар, агентлагийн даргаар ирмэгцээ төрийн одон медалиар шагнуулаад, олон жил тууштай ажилласан түшмэлээс илүү алдар цол хүртэх нь шударга бус билээ. Ийм байдал нэлээн түгээмэл болсноос өнөөдөр төрийн алба, төрийн шагналын нэр хүнд унаж байна. Тиймээс төрийн алба хаагаад дор хаяж дөрвөөс доошгүй жил тасралтгүй ажилласны дараа анхны шагналыг олгох нь чухал юм. Харин эхний шагнал авсны дараа дараагийн шагналын хоорондох хугацаа гурваас дөрвөн жил байвал зохистой.

Шагнуулах хугацаанд албан тушаал ахиагүй байх шалгуур: Шагнах хүртэлхи хугацаанд албан тушаал ахиагүй байх шалгуур төрийн албанд албан тушаал хөөцөлдөх явдлыг таслан зогсооход чиглэнэ. Өнөө үйлчилж байгаа цалингийн сүлжээ гэгч коммунизмын үеэс уламжилсан, зах зээлийн зарчмаас гажууд, коммунист бус аль ч оронд байдаггүй энэ систем шинэ нөхцөлд нийцэхгүй, төрийн албыг бэхжүүлж чадахгүй байна. Цалингийн сүлжээг албан тушаалаар зэрэглүүлсэн учир том дарга байх тусам илүү цалин авдаг: тиймээс төрийн алба хаагч цалингаа нэмэхийн тулд албан тушаалын хойноос хөөцөлдөхөд хүргэдэг. Жирийн иргэдтэй тулж ажилладаг анхан шатны албан тушаал бага цалинтай, ачаалал ихтэй байдаг. Анхан шатны тэдгээр албан тушаалыг бэхжүүлж чадвал төрийн алба олон түмний дунд бэхжих билээ. Тиймээс хоёр шагналын хоорондох хугацаанд албан тушаал дэвшээгүй байх явдал олон жил ажилласан туршлагатай түшмэл анхан шатны албан тушаал дээр даргын цалин аваад сууж байх боломжийг нээж өгнө.

Он удаан жил төрийн албанд зүтгэсний төлөө олгох энэ одонг цалингийн нэмэгдэл дагадаг байвал төрийн албан хаагчийг тогтвортой ажиллахад нааштай нөлөөлнө. Анх ажилд ороод дөрвөн жил болсны дараа түшмэлийн гуравдугаар зэргийн Эрдэнийн очир одонг олгоход цалин 10%, түүнээс хойш албан тушаал дэвшилгүй гурван жил болвол, эсвэл албан тушаал ахисан бол албан тушаал ахиснаас хойш гурван жил болоод түшмэлийн хоёрдугаар зэргийн Эрдэнийн очир одонг шагнаж цалин 12% нэмэгдэнэ гэх мэтээр журамлавал төрийн албыг тогтвортой ажиллах сонирхол бий болно.

Гавьяаг урамшуулах

Гавьяа гэдэгт чухам юуг ойлгохыг нарийн тодорхойлох ёстой. Цэрэг, цэрэгжсэн, дүрэмт хувцастай энгийн алба, мөрдөн байцаах, прокурор зэрэг зарим салбарт гавьяа байгуулах гэдгийг тодорхойлж болох авч төрийн зарим албанд тухайлбал бүртгэл, мэдээллийн ажилд гавьяа байгуулна гэдгийг хэрхэн тодорхойлох нь эргэлзээтэй юм.

Өнөөдөр хүчинтэй байгаа одонгоос алийг нь үлдээх, алийг нь цуцлахыг ялгах хэрэгтэй. Юун түрүүнд, Сүхбаатарын одонг зайлшгүй хүчингүй болгох шаардлагатай. Нэгд, Сүхбаатарын одон бол Лениний одонг дуурайлгасан коммунист удирдагчийн нэрэмжит шагналын билэг тэмдэг юм. Хэдийгээр Д. Сүхбаатар өөрөө коммунист байсан нь бүү хэл, улс төрч байсан нь түүхэнд эргэлзээтэй боловч хожим түүний дүрийг коммунист удирдагч болгон домоглосон нь үнэн юм. Нэгэнт манай улс коммунизмаас салсан тул коммунист удирдагчийн дүрээс ч бас салах нь зүйд нийцнэ. Хоёрт, Сүхбаатарын одонг хэвээр үлдээх нь бусад түүхэн зүтгэлтнүүдийг эгэл тэнцүү авч үзэх ёстой эсэх маргаан дэгдээх, магадгүй Чингис хааны одон, Цэдэнбалын одон гэх мэт олон одон бий болгох санал гарч эцэс төгсгөлгүй маргаан дэгдээхэд хүргэнэ. Иймээс энэ одонг цуцлах нь зүйтэй.

Байлдааны гавьяаны одонг үүрэг гүйцэтгэж яваад шархадсан хүнд даруй, амь үрэгдсэн хүнд нэхэн шагнавал зохистой. Ийм төрлийн одон дэлхий нийтэд түгээмэл байдаг. Орост Ялгуусан Георгийн одонг, АНУ-д Ягаан зүрхний медалийг (Purple Heart) яг ийм шалтгаанаар олгодог нь энэ шагналыг зүүсэн хүний гавьяаг алдаршуулах оновчтой хөшүүрэг болдог байна.

Цэргийн гавьяаны одонг байлдааны үед гавьяа байгуулсан цэргийн албан хаагчдад олгоно. Гэхдээ энэ одонг шагнахад заавал шархадсан буюу амь үрэгдсэн байх шалгуур тавихгүй. Харин магадгүй дайны үед, буюу байлдааны ажиллагааны үед гавьяа байгуулахыг шаардвал илүү зохимжтой. Иракт үүрэг гүйцэтгэж байхдаа ангиа золиосны цэргээс аварсан ахлагч Азжаргалын байгуулсан мэт гавьяаг Цэргийн гавьяаны одонгоор шагнах тухай энд өгүүлж байгаа бөгөөд өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт манай цэргийн албан хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Харин энхийн цагт энэ одонг олгох тухай асуудлыг мөн л шийдэх хэрэгтэй юм.

Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны одонг дипломат алба, төрийн захиргааны албанд гавьяа гаргасан хүмүүст олгодог байх нь зүйтэй. Гэхдээ эдгээр албанд гавьяа гэдгийг хэрхэн ойлгохыг зайлшгүй тодорхойлох хэрэгтэй юм.

Коммунизмын үеийн бүх одонгоос хамгийн тодорхой шалгууртай одон бол Эхийн алдар одон бөгөөд хүн амыг өсгөх бодлого өнөө ч хэвээр байгаа нь лавтай тул энэ одонг цаашид олгох нь зүйтэй юм. Энэ одонгийн жишиг бол Герман хүн амыг олшруулахын тулд Адольф Гитлерийн санаачилсан Эхийн загалмай хэмээх одонгийн шалгуур бололтой. Дөрвөн хүүхэдтэй эх хүрэл загалмай, зургаан хүүхэдтэй эх мөнгөн загалмай, найман хүүхэдтэй эх алтан загалмай шагнуулж байсан (Cross of Honor of the German Mother) шиг манай Эхийн алдар хоёрдугаар зэргийн одонг таваас найман хүүхэдтэй эхэд, нэгдүгээр зэргийг наймаас дээш хүүхэдтэй эхэд олгодог байна (Тэрбиш, 1977, p. 62).

Гавьяаны одонг дагалдуулан нэг удаа мөнгөн урамшуулал олгож болно.

Медаль

Медалийг яамд бий болгож шагнана. Харин медаль бий болгох тухай дүрмийн төслийг салбарын яамны төрийн нарийн бичгийн дарга Ерөнхийлөгчид өргөн барих ба төсөлд шагнал бий болгох шаардлага, медаль, туузын хийц загвар, шагнал олгох болзлыг тодорхойлон хавсаргасан байвал зохино. Тухайлбал, Халх голын ялалтын 70 жилийн ойн дурсгалын медаль бий болгох саналыг БХЯ оруулж болох агаад ингэхдээ тийм медаль бий болгох шаардлага, шагнах болзлыг нарийн тодорхойлох учиртай. Тэр үед байлдаж явсан ахмад дайчдыг шагнах, өнөө алба хааж байгаа дайчдыг шагнах эсэх, хэрэв шагнах бол ямар болзол хангасан албан хаагчийг шагнах вэ зэрэг асуудлыг нэг мөр шийдвэл зохино.

Бусад орны туршлагаас үзэхэд, цэргийн болон цэрэгжсэн алба медаль бий болгох, шагнах эрхтэй байдаг. Манай улсад харамсалтай нь цэргийн болон цэрэгжсэн байгууллагын ялгаа төдий тодорхой бус байна. Ямартай ч цэргийн мэргэжлийн байгууллагын дээд удирдлагын хувьд Зэвсэгт хүчний жанжин штаб медаль бий болгох, шагнах эрхтэй байх нь зүйтэй. Цэрэгжсэн байгууллагын хувиар Цагдаагийн ерөнхий газар ийм эрх эдэлж болох юм. Дүрэмт хувцастай иргэний байгууллага гэдэг нийтлэг ангилалд ордог бусад байгууллага, тухайлбал, гааль, онцгой байдлын зэрэг алба медаль бий болгох эрхгүй байвал илүү нийцтэй. Түүнээс гадна дүрэмт хувцас өмсдөг болсон цэвэр иргэний чиглэлийн байгууллага тухайлбал, тагнуул, прокурор, нийгмийн даатгалын газар гэх мэт байгууллагад ийм эрх олгохгүй байвал зүйтэй агаад цаашдаа дүрэмт хувцастай байхыг нь ч хориглох нь зүйтэй юм.

Медалийг дотор нь дараахь байдлаар хоёр ангилах нь зүйтэй агаад дараахь байдлаар тэдгээрийг тодорхойвол зохимжтой юм.

Ажиллагааны медаль (campaign medals): Энэ медалийг цол хугацаа, болзол хангасан эсэхийг харгалзахгүй, онцгой гавьяа байгуулсан эсэхийг харгалзахгүйгээр шагнал хүртсэн ажиллагаанд оролцсон бүх этгээдийг шагнана. Медалийг агентлагийн захирал, цэргийн ангийн захирагч олгож болох ба ажиллагааны медалийг мөнгөн урамшуулал дагалдахгүй.

Цэргийн салбарт өнөөдөр наад зах нь дараахь төрлийн ажиллагааны медаль байж болох юм:

  • Иракийн сэргээн босголт медаль,
  • Афганы сургагч багшийн медаль,
  • Косовогийн ажиллагаа медаль,
  • Энхийг сахиулагч медаль,
  • Олон үндэсний цэргийн хүчин медаль,
  • Олон улсын цэргийн ажиглагч

гэх мэтчилэн тухайн ажиллагааны нэртэй байна.


 

Дурсгалын медаль(commemorative medals): Байгууллага, агентлаг нэрэмжит медаль гаргаж болох ба байгууллагын удирдлага харьяа яамаар дамжуулан Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьж батлуулснаар шагналын дүрмийг тодорхойлно. Өмнө өгүүлснээр медаль бий болгож шагнах эрхтэй байгууллагын хүрээг нарийвчлан хязгаарлах шаардлагатай. Байгууллагын шагналаар гагцхүү тухайн байгууллагын ажилтныг шагнах ба байгууллагын болон дээд шатны удирдлагыг шагнахыг хориглоно.

Байгууллага, агентлагийн нэрэмжит медаль бий болгох саналаа тухайн агентлаг харьяалах яамны төрийн нарийн бичгийн даргаар уламжлан Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьж, батлуулна. Өргөн барихдаа тухайн медалийг бий болгох үндэслэл, шагнах болзол, шагнал олгох этгээдийн хүрээ зэргийг тодорхой журамласан заасан дүрмийн төслийг хавсаргана. Медалийг агентлагийн удирдлага олгоно.

Өнөөгийн одон медалийн системийг эрс өөрчлөх шаардлага тавигдаж байгааг эцэст нь тэмдэглэхийн хамт, эл бодлогын бичигт дурдсан саналыг ажил болгох үүднээс илүү нарийвчилсан судалгаа хийх шаардлагатайг басхүү тэмдэглэх хэрэгтэй билээ.


 

Ашигласан материал

Academy Award. (n.d.). Retrieved from Wikipedia: http://en.wikipedia.org/wiki/Academy_Award

Cross of Honor of the German Mother. (n.d.). Retrieved from Wikipedia: http://en.wikipedia.org/wiki/Cross_of_Honor_of_the_German_Mother

Knighthood and Nobility. (1996, 09). Retrieved 04 24, 2008, from Knighthood and Chivalry: http://www.heraldica.org/topics/orders/knights.htm

Order of St. Andrew. (n.d.). Retrieved from Wikipedia: http://en.wikipedia.org/wiki/Order_of_St._Andrew

Order of the Garter. (n.d.). Retrieved from Wikepedia: http://en.wikipedia.org/wiki/Order_of_the_Garter#The_Order

Pulitzer Prize. (n.d.). Retrieved from Wikipedia: http://en.wikipedia.org/wiki/Pulitzer_Prize

Purple Heart. (n.d.). Retrieved from http://www.tioh.hqda.pentagon.mil/Awards/PH1.html

Saint George's Chapel. (n.d.). Retrieved from Order of the Garter: http://www.stgeorges-windsor.org/history/hist_garter.asp

Баярхүү, Д. (2008, 02 20). Одон тэмдэгт ховсдуулсан хоёрхон үндэстний нэг нь бид! Retrieved 04 24, 2008, from Оллоо: http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&catid=2192&sid=89592

Баярхүү, Д. (2007, 11 17). Үхэл тойрох "Гавьяат"-ын дон. Retrieved 04 24, 2008, from Оллоо: http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&catid=2192&sid=76845

(1990). БНМАУ-ын цол, одон, медалийн дүрэм.

Тэрбиш, Ц. (1977). БНМАУ-ын одон медаль, алдар цол, түүнийг анх хүртэгчид: түүхэн тойм (1926-1976). (Ц. Готов, Ed.) Улаанбаатар: Улсын хэвлэлийн газар.

хавсралт, Е. 1. (1999). Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнах журам.

No comments: