Өнөөдөр 2009 оны 12 сарын 29-ны өдөр.
Энэ өдөр түүхч хэдэн найз маань Богд хааны ордон музейн өмнө өглөө морин цагийн үед хэн ч зарлаагүй байхад цугладаг уламжлалтай. Тэд маань аль 1997 оноос эхэлж цугласан, харин би энэ цугларалтыг алдалгүй оролцсоор өдгөө дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна.
Өглөө босдогоороо босоод, хүүгээ цэцэрлэгт нь хүргэчихээд очтол, хааны ордон музейн өмнө машин пиг. Гэрэл дохио гялалзуулсан ч байх шиг, урт урт хар машинууд. Би машинаа тавих газар хайж, арай гэж нэг нүх олж тавиад очтол, баахан цагдаа, харуулууд гарчихсан, оруулдаггүй ээ.
Бидний хэдэн залуусын энэ цуглаан дээр эрхэм Ерөнхийлөгч маань айлчилж ирсэн нь энэ юм ажээ. Манай хэдэн залуу өчигдөржин зурагтаар гарч, зарим нь ордонд орчихсон Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Дорлигжав гуайтай уулзаж байсан, харин ийм л юм хийх гээд байжээ.
Эцсийн эцэст, бараг л 13 жилийн дараа энэ өдөр, Монгол Улсын тусгаар тогтнолыг зарлан тунхагласан энэ өдрийг, энэ газрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн тэргүүн хүндэтгэн ирж, ёс хийлээ. Одоо л Монголоо алдсан Монгол, Монголоо эргээд олов бололтой.
Тусгаар тогтнолыг 1921 онд олсон уу, 1924 онд олсон уу гэдэг балай маргааныг ингээд шийдчихвэл аятай юу даа.
1921 ч биш, 1924 ч биш, харин 1911 оны 12 сарын 29 гэдгийг хүмүүсийн ой тойнд ортол ойлгуулах сан.
Уул нь миний санаагаар болдог бол тэр Хөдөлмөрийн хуульд нь өөрчлөлт оруулаад, 11 сарын 26-ныг Бүгд найрамдах улсын өдөр, 12 сарын 29-ныг Тусгаар тогтнолын өдөр гээд заачихалтай. Харин 7 сарын 11-ныг зүгээр л Үндэсний баярын өдөр, эсвэл бүр Наадам гээд нэрлэчихэд болохгүй юм байхгүй. Заавал түүхэн утга хэрэгтэй гэвэл Тангарагийн баяр гэхэд л болчихно шүү дээ.
Хэрэв Богдын 10-р дүр Монголд тодорч, түүнийг шашныхаа тэргүүнээр залвал энэ баяруудын ач холбогдол улам бүр дээшилнэ. Тиймээс утга санааг нь ч тод томруун тусгах нь зүйтэй. 1911 оны 12 сарын 29-нд Монгол Улс Манж Чин Гүрнээс салж, тусгаар улс болсон. 1921 оны 7 сарын 11-нд Шашин төр хоёрыг тусгаарласан Тангарагийн гэрээ байгуулсан. Үүнийг коммунист засгийн жилүүдэд Ардын хувьсгал гэдэг байсан. 1926 оны 11 сарын 26-нд бид хаант засгийг эгнэгт халж, Бүгд найрамдах улсын хэлбэр рүү шилжсэн билээ.
Энэ бүх түүх аяндаа ая зангаа олж, үнэн худлаараа ялгарч, төвшрэх нь үү дээ гэсэн найдлагыг бидний хэдэн залуусын 13 жилийн турш бодож, хичээж явсан жирийн нэгэн цугларалт дээр эрхэм Ерөнхийлөгч гийгүүлэн ирж, төрүүллээ.
Mashbat's Website
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
Тусгаар тогтнолын баярын мэнд хүргэе.
Тусгаар тогтнолын баярын мэнд хүргэе.
Post a Comment