Monday, September 20, 2010

ШАШИН ӨНГӨРСӨН ХОРИН ЖИЛД

Хүний шүтэх, эс шүтэх эрх чөлөөг жинхэнэ утгаар нь олгосноос өнгөрөн хорин жил шашны байдал Монгол Улсад жамаараа, зөнгөөрөө, зохицуулалтгүй шахуу өрнөж ирлээ. Үүний үр дүнд үүсээд байгаа байдлыг хүний шүтэх, шүтэх эрх, эрх чөлөөг бүрэн хангасан либераль нийгэм бүрэлдэж байна хэмээн өөдрөгөөр үнэлж нэг болох, мөн ч алсдаа шашны мөргөлдөөнд хүргэж болзошгүй замбараагүй, зохицуулалтгүй байдал үүсээд байна хэмээн таагүй үнэлж ч болохоор байна.

1990-ээд оны эхэнд үед ганцхан Гандантэгчилэн хийд ажиллаж, шарын шашны хурал ном хурах эрхтэй, христ, исламын шашныг шүтэх бараг л хориотой байлаа. Ардчиллын үр дүнд энэ байдал өөрчлөгдсөн бөгөөд гаднын олон шашин чөлөөтэй нэвтэрч, хувь хүн бүр ямар шашин шүтэхээ чөлөөтэй сонгох, шүтэх эрхтэй болсон билээ.

Үүний үр дүнд өнөөгийн байдлаар Христосын шашны голдуу урсгал хүчтэй нэвтэрч байна. 2007 оны судалгаагаар Улаанбаатар хотод Христийн сүмийн тоо уламжлалт Бурханы шашны сүмийн тооноос хоёр дахин их, харин улсын хэмжээгээр энэ хоёр тоо тэнцүү гарч байсан. Одоо Христийн сүмийн тоо, Бурханы шашны сүмийн тооноос Улаанбаатар хотод ч, улсад ч илүү гарах болов уу гэсэн таамаглал бий. Хрисийн сүмүүд дотроо Католик, Протестант, түүн дотроо Методист, Преспотериан гэх мэт маш олон ангилагдаж байгаа, хоорондоо төдий л нэгдмэл, уялдаатай ажиллаж чадахгүй байгаа юм. Түүнчлэн, тэдгээр сүм АНУ, Европоос сурвалжтай, Өмнөд Солонгос, Филиппинээс сурвалжтай хэмээн дотроо ялгарах бөгөөд тэдгээрээс Өмнөд Солонгосоос сурвалжтай зарим урсгал хэт радикал номлол тарааж, хөдөө орон нутаг, Налайх зэрэг дүүргийн зарим уул усны тахилга, овоог нурааж, шатаасан овилгогүй үйлдэл гаргасан ноцтой баримт бий. Эдгээр үйлдлийг хэдийгээр хрисийн бусад урсгал, бусад шашны урсгал дэмжихгүй байгаа боловч даварвал шашин хоорондын зөрчил гаргаж магадгүй үр тарьж байгаа нь болгоомжлууштай.

Исламын шашин казахуудын дунд эрчимтэй дэлгэрч, өнөөдөр Баян-Өлгий аймаг төдийгүй, Увс, Ховдын баруун сумууд бүгд мечеттэй болоод байна. Улаанбаатарт анхныхаа мечетийг Сүхбаатар дүүрэгт, Төмөр замын соёлын ордны өмнөх уулзварт барьж байна. Исламын шашин Арабын Эмират, Кувейт, Египед, Туркийн нөлөөн дор дэлгэрч, манай казахуудаас жил бүр тавь орчим хүүхэд тэдгээр оронд шашны боловсрол олохоор одож, казахын ард түмэн амьдарч байгаа нутаг бүрт мечет сүндэрлэн, тэлж байна.

Гандантэгчилэн хийд Бурханы шашны хэргийг төвлөн зохицуулдаг байсан урьдын тогтолцоог халснаар, манай хэллэгээр бол "мэргэжлийн" хяналтгүй болж, "хувийн" гэх тодотголтой сүм, хийд үүсч, шашныг ашиг олох хэрэгсэл болгож эхэлснээр уламжлалт бурханы шашны нэр хүнд асар их уналаа. "Мэргэжлийн бус" гэмээр олон сүм хийд цаашдаа Гандантэгчилэнгээс тавьж буй "мэргэжлийн шаардлага"-ыг үл ойшоох хандлага газар авчээ. Гандантэгчилэн хийд ч цагийн аясыг даган хувьсан, зохицож чадахгүй, дотооддоо шинэчлэл хийхгүй, хоцрогдлын туйл болсон тухай шүүмжлэгдэж байна.

Христийн шашнаас эхтэй Мүүн, Энх тайвны элч нар зэрэг хөдөлгөөн, Бурханы шашны бусад урсгал, Хинду шашнаас эхтэй бясалгалын, цагаан хоолны дугуйлангууд манай улсад ар араасаа цэцэглэн, зарим талаар төрийн бус байгууллага, шашны байгууллага алин болох нь үл мэдэгдэх байгууллага ч олон боллоо.

Олон шашин дэлгэрч байгаа явдал бол даяаршлын хааж дийлшгүй үзэгдэл мөн боловч зарим нэг талаар тодорхой хяналт зохицуулалт тавихгүй бол Өмнөд Солонгосоос сурвалжтай христийн радикал бүлэглэлийн гаргасан мэт үйлдэл алсдаа шашны үл ойлголцол рүү шууд хөтөлж байгааг анхаарууштай.

3 comments:

SIERRA ONE said...

Манай уламжлалт шарын шашний дампуурал бас гол үүрэг гүйцэтгэж байна уу да

Mashift said...

Shariin shashin dampuuraagyi.
Nomlol ni kychintei keveeree.
Gol ni tyyniig yzek oros majagiin, kitad majagiin gesen kojor yzel surtal kojulaa tyvdiin feodal zanshiltai albaar kolizh jaridag jum. Tyyniig ni eknii 70 zhil orosiig sonsood, syyliin 20 zhil kitadiig sonssoor baigaad manaiknii tarki ni gashilchiksand l baigaa jum.

SIERRA ONE said...

Таны зөв. Би боддог юм төвд хэлээр бичсэн судруудыг нь монгол хэл дээр буулгаад лам нарт өөрсдөд нь уншуулах юмсан гэж. Манай Гандан хийд маань бусдад тусалдаг буяны төв гэхээсээ, бурхантай наймаалцдаг үйлчилгээний(service) төв ч юм шиг. Ааайййй мэдэхгүй Ум сайн амгалан болтугай.