Монголын түүхийг үзвэл Монгол соёл иргэншил гэж юм байдаг бол тэр нь дотроо нүүдлийн, бурхны шашны, зөвлөлтийн гэсэн гурван их соёлын нөлөөнд бүрэлдсэн байх нь эргэлзээгүй юм. Далан жил үргэлжилсэн коммунист дэглэмийн дор зөвлөлтийн гэх нэрээр оросын соёлын хүчтэй нөлөө нэвтрүүлсний шууд реакц болж, нүүдлийн соёл Чингис хааны нэрээр хүчтэй түгсэн. Коммунист үзэл суртлын үед бурхны шашны өв уламжлалыг хоцрогдсон хэмээн муучилж байсан инерц харин хэвээр үлдэж, өнөөг хүртэл дорвитой сэргэж чадалгүй ирлээ.
"Социалист аж төрөх ёс" зэрэг суртал нэвтрүүлгээр залуу үедээ "социалист Монголын шинэ үе" гэх зөвлөлтөжсөн загвар руу хөтөлж, адилсуулж байсан үзэл суртал гэнэт зогсож, оюун санааны орон зайг нь Чингис хаан, Монголын Эзэнт Гүрний яруу алдар нөхөж эхэлсэн юм. Энэ үйл явц хорин жил тасралтгүй үргэлжилж, үр дүнд нь зарим нэг гаж үзэгдэл бий болж эхэллээ.
Нүүдэл соёлын өвийг дөвийлгөх явдал нэг талаасаа Монголчууд өөрийнхөө адилслыг язгуур ахуйгаасаа хайх оновчтой оролдлого байсан боловч бурхны шашны болон зөвлөлтийн уламжлалыг хүнийсгэж, нийт Монгол соёл иргэншлийг ядууруулсан юм. Өнөөдөр мөнгөн дэвсгэртээс эхлээд, онгоцныхоо буудлыг хүртэл Чингис хаан гэж нэрлээд байгаа нь үүний жишээ мөн. Нүүдэл соёлын сэргэлт нь 1990-2000 оны хооронд, Монгол Улсын эдийн засаг дахь аж үйлдвэрийн салбарын уналт, мал аж ахуйн салбарын сэргэлттэй давхцаж, улам их газар авсан юм.
2000 оноос эхлэн аж үйлдвэрийн салбарын сэргэлт, мал аж ахуйн салбарын зогсонгишлоос улбаалан хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжилт нэмэгдэж, нийт хүн амын дунд хотжих хандлага газар авсан. Хотод ирсэн хөдөөнийхөн хотын эдийн засаг, нийгмийн дэд бүтцийг хэт ачаалж, хүндрүүлэн, замын хөдөлгөөн, хотын агаарын бохирдлыг гол шалтгаан болсон юм. Үүнтэй холбоотой, "хотынхны шовинизм" гэх үзэгдэл сүүлийн үед газар авч байгааг "дөчин мянгатынхан" гэж өөрсдийгөө нэрлэсэн "элит"-ийнхэн аядуу байдлаар тэргүүлж байна.
Нүүдэл соёл хорин жилийн турш хүч түрсний эцэст, Монгол соёл иргэншлийн тухай ойлголт ядуурч, бурхны шашны болон социалист өв дээр тулгуурласан суурин соёлын өвийг "хятадын", "оросын" хэмээн өөнтөглөх, хүнийсгэх хандлагыг бий болголоо. Гэвч нийгмийн хөгжлийн зүй тогтлын дагуу нүүдэл соёлын өвийг шүтэх хандлага оюуны ертөнцөөс аажимдаа шахагдах хандлага ажиглагдаж байна. Гэхдээ бурханы шашны өвийг сэргээх улс төрийн сонирхол МАХН байхгүй, Ардчилсан нам "дөчин мянгатын элит"-үүдээр өөрийгөө тодорхойлоод, сэтгэл ханачихсан байгаа учраас наад зах нь 300 гаруй жилийн түүхтэй манай суурин иргэншлийн өв дарагдсан хэвээр байна.
0 comments:
Post a Comment