Улс төрийн институцийн өнөөгийн хөгжлийг тун товчхондоо хардвэйр нь сайн хийгдсэн, харин софтвэйр нь хараахан төгс бүрэлдээгүй гэж үзэж болно. Хардвэйр гэдэгт улс төрийн байгуулал, байгууллага, системийн бүрэлдэхүүний талыг, харин софтвэйр гэдэгт тэдгээрийн үйлдэл, үйл ажиллагаа, уялдаа, хоршлыг ойлгож байна.
Хардвэйрийн тал сайн болсны үндсэн шалтгааныг Монгол Улсын Үндсэн хуультай холбон ойлгож болно. Юун түрүүнд, парламентын засаглалын хэлбэрийг сонгож авсан нь ардчилал хөгжих хамгийн үр ашигтай хөрс болсныг Стивэн Фиш, Томас Гинсбург, Жун Юньхун зэрэг олон судлаач тэмдэглэсэн байна.
Ардчиллын тухай сурах бичгийн түвшний ойлголтод тулгуурлан боловсруулсан гэхэд харьцангуй сайн, урт настай болсныг тэмдэглэхийн сацуу эрх мэдлийн хянал-тэнцлийг хангахтай холбоотой нарийвчилсан тодорхой заалтууд дээр дутуудсан, алдсан тал мэр сэр байгаа нь өнөөгийн улс төрийн амьдралд зарим таагүй нөлөө үзүүлж байна. Тухайлан, парламент, засгийн газрын харилцаанд хянал-тэнцлийн механизмыг хангалтгүй тусгаснаас зөвхөн парламентын хүрээнд өрнөх ёстой намуудын тэмцэл гүйцэтгэх эрх мэдлийн бүх шатанд халдварлаж, төрийн удирдлага хүчгүйдэх, улс төржих, авилгад өртөх зэрэг зохисгүй үйлдлийн гол шалтгаан болж байна.
Софтвэйрын тал дутуу гэдэг нь төрийн албаны үйл ажиллагааг зохицуулсан хууль бий атал түүнийг амьдрал дээр хэрэгжүүлэх ажлын горим тогтоогүй байна. Хуулиар иргэнд олгосон эрхийг дүрэм журмаар хязгаарлах тохиолдол элбэг, тэдгээрийг захиргааны шүүхээр хянуулан, зохих арга хэмжээ авах талаар иргэдийн ойлголт дутмаг байгаагаас шууд л өлсгөлөн, мөргөлдөөнийг тэмцлийн арга зам болгон сонгож авах явдал бишгүй тохиолдож байна.
Төрийн байгууллагын шинэчлэлийн хувьд, төрийн агентлагийн удирдлагыг менежментийн хувьчлалд хамруулах чиглэлд хийсэн Австрали-Шинэ Зеландын туршилтыг (new public management\ managerialism) хуулахдаа, санхүү, төрийн албан хаагчийн уламжлалт (merit based bureaucracy) системтэй хослуулах гэж оролдсон нь өнөөгийн үр ашиггүй, чирэгдэлт системийн үндэс болоод байна. Нутаг дэвсгэрийн хуваарийн өөрчлөлт, төв-орон нутгийн эрх мэдлийн хуваарийг оновчтой хийж чадаагүйгээс, орон нутаг эзгүйдэх, хоцрогдох гол шалтгаан болоод байгаа юм.
0 comments:
Post a Comment