Wednesday, September 22, 2010

ИРГЭН ТӨРИЙН ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ХОРИН ЖИЛД

Иргэний нийгэм гэж төрийн оролцоо аль болох бага, иргэд нь асуудлаа төрийн оролцоогүй шийдчих боломжтой нийгмийг хэлнэ хэмээн ойлговол иргэний нийгэм байгуулах Үндсэн хуулийнхаа зорилтод хүрэх тодорхой алхмыг манай улс амжилттай хийсэн гэж үзэж болохоор байна.

Иргэн-төрийн харилцаанд онцгой дэвшил гарлаа. Иргэний нийгмийн байгууллагууд 1990-ээд оноос байгуулагдаж эхэлсэн боловч 2004 оноос эхлэн төлөвшлийн шинэ шатанд гарч, хяналтын үүргээ идэвхтэй гүйцэтгэх боллоо. Сонгуулийг ажиглах, төр, улс төрийн үйл ажиллагаанд хяналт тавих төдийгүй бизнесийг нийгмийн хариуцлагатай байхыг шаардаж, хяналт тавих явдал "Онгийн гол" зэрэг байгаль орчны хөдөлгөөнүүдээс эхлэн эрчээ авч эхэллээ.

Иргэний нийгмийн төлөвшлийн дараагийн шат нь зохицуулалт хийх чиг үүрэг гүйцэтгэх хэмжээнд хөгжихөд чиглэнэ. Үүний тулд мэргэжлийн чиглэлтэй байгууллагууд олноор байгуулагдаж, бэхжих шаардлагатай байгаа юм. "Монос" компанийн наалттай импортын эмийг хэрэглэгчид чанартайд тооцож, мэргэжлийн хяналт эрхэлсэн аливаа төрийн агентлагийн баталгаанаас илүү найдвартай хэмээн үздэг болсон нь ашгийн болон ашгийн бус байгууллага бүтээгдэхүүний чанарт хяналт тавьж, стандарт гаргах, зохицуулах чиг үүргээ хэрэгжүүлж эхлэх нааштай хандлагын эхлэл хэмээн үзэж болохоор байна.

Иргэний оролцоо идэвхтэй боловч ямагт хууль зүйн хүрээнд өрнөж чадахгүй байгаа нь ажиглагддаг. Байрныхан буюу нэг орон сууцад суугчид хүүхдийнхээ тоглоомын талбайг булаацалдан компаниудтай заргалдахдаа тухайн компанид зөвшөөрөл өгсөн албан тушаалтны шийдвэрийг захиргааны шүүхэд өгч заргалдахын оронд, барилгын машин, механизм руу халдах, ажилчдынх нь эсрэг хүч хэрэглэх тохиолдол цөөнгүй гарч байна. Байгаль орчны төлөө төрийн бус зарим байгууллага уул уурхайн компаниудын эсрэг галт зэвсэг хэрэглэсэн саяхны тохиодол ч иргэд эсэргүүцлээ илэрхийлэх, асуудлаа шийдэх хууль ёсны арга замаа мэддэггүй, мэдсэн ч чирэгдэл ихтэйд тооцдог тул хүч хэрэглэх замаар асуудлыг улс төржүүлэхийг илүүд үзэж байгаагийн жишээ юм.

Иргэн-төрийн харилцааг "хүнлэг, энэрэнгүй, ардчилсан, иргэний нийгэм"-ийн хүрээнд цаашид хөгжүүлэхэд, иргэний оролцоог хууль зүйн хүрээнд хангах, үүний тулд шүүх, захиргааны байгуулагын хүнд суртал, авилгыг багасгах хэрэгтэй юм. Мөн төрийн бус, мэргэжлийн байгууллага, эвлэлийг бэхжүүлэхийн тулд төрийн зарим үүргийг шилжүүлэн гүйцэтгүүлэх зэрэг хуулиар зөвшөөрөгдсөн арга замаар төлөвшилд нь туслах боломжийг эрэлхийлэх шаардлагатай гэж үзнэ. Ингэснээр алсдаа иргэний нийгэм зохицуулалтынхаа чиг үүргийг гүйцэтгэх чадавхитай болно.

0 comments: